Аз жаргалын эрэлд...

. 2012-12-19 - Уучилна гэдэг ухаан

Уучилна гэдэг том ухаан. Урвагчийг, ухаан муутыг, увайгүй амиа хичээгчийг ер нь бүгдийг уучилна  гэдэг ухаан. “Ухаан” гэхээр энд ямар нэгэн шинжлэх ухаан, эсвэл гүн ухаан ярих гэсэнгүй. Зүгээр л хүн хүндээ хандсан уужуу, өгөөмөр, тэнүүн сэтгэлийн тухай ярих гэсэн юм. Харамсалтай яагаад ч юм тал шигээ сэтгэлтэй, тэнгэр шиг тэнүүн ард түмэн гэж дэлхий дахинд гайхагддаг монголчууд бид энэ үнэт чанараасаа хором хормоор холдсоор байх шиг.

Өдгөө бид битүү түгжрэлтэй хотын замд бие биенээсээ уралдан, дуут дохиогоо хангинуулан дайралдаж, улаан гэрлээр урагшаа зүтгэх хүүхэд, хөгшдийг хараах- ээжийтэй минь ижилхэн юм даа, эвий нялх үрээс минь ялгаа юу байхав дээ гэх ууч сэтгэл дутах. Уурлаж бухимдсаар ажилдаа орж урагшгүй бүтэлгүй туслах ажилтнаа аашлах, урьд нь “би ч залуу туршлагагүй байсан шүү хэтдээ сурна даа” гэх уужуу ухаан дутах. Хариад, “аятайхан хоол хийсэнгүй. Арчаагүй” гэж ханиа гомдоож. Эр хүний ноён нуруугаа гудайлгах.  Ерөөсөө бүх юманд ундууцаж, учир шалтгааныг нь олохоосоо илүүтэйгээр өө сэвийг хайгч бидний энэ өөнтөгч, хөнгөн сэтгэлээс “уучлал” гэгч том ухаан аажим аажмаар арчигдсаар... Хэн нэгэн таныг голд чинь ортол гомдоовол хариуд нь үзэн яадах биш.  Харин ч өрөвд, цаашид хэн нэгнийг бас ингэж гомдоохгүй шүү гэж бодох ухаарлыг өгч байгаад нь баярла.  Ууч сэтгэлийг зөвшөөсөн нэгэн үлгэр бий.

3 шавьтай нэгэн лам багш байжээ. Тэднийг Улаадай, Цагаадай, Дүнхээтэй гэгч аж.  Эрдмийн оргилд гарсан багш нь шавь нартаа юүг ч эс үлдээн мэдсэн дуулснаа зааж, шавь нар нь ч оломгүй эрдмийн оройд нь гартал үзжээ. Гэвч юүнд ч эс ажран хүлцэж тэсэх, ууч сэтгэлийг л үл зааж чаджээ. Үзсэн эрдмээ үзэн яадах, бусдаас өшөө авах, атаа жөтөө санах хар муу үйлд эзэмдүүлсээр шавь нарынх нь эрдэм ухаан саарч, эрхэм сэхүүн тэргүүнүүд гудайн эрдэм дахин зааж өгөхийн хүсэн багшдаа харин иржээ. Өвгөн буурал багш нь юү үзснээ юүлэн зааснаа учирлаад  заах эрдэм үлдээгүй тул цаашид нэг нэг шуудай төмс үүрэн амьдрахыг захиад насан эцэслэжээ. Амьсгал татахын өмнө багш нь “уур, зөвүүцэл, үзэн ядалт төрүүлж буй хүн таарвал төмсөө хумин үүрээд, уучлал, өршөөл, энэрэл төрүүлсэн хүн таарах бүр төмсөө хөрсөнд суулгаж яваарай” гэж захисан аж. Шавь нар ч багшийн захисныг ёсчлон биелүүлсэн боловч хагас жил өнгөрхөд аль ч шавь нь шуудайтай төмснөөсөө газарт эс суулгав. Яваандаа үүрсэн төмс өмхийрч ялзран, хавь ойрын хүмүүсч халшран зугатаж, үүрч явахад ч өөрсдөд нь туйлын зовлон болж эхэлжээ. Амьсгал татахынхаа өмнө хэлсэн багшийнхаа захиасыг шавь нар нь энэ л үед ухаарч уучлах сэтгэлийн ачаар сайхан сэтгэл, сайн үйлс төмс мэт үржин бусдыг төдийгүй өөрийг тэжээдэг бол уур хилэн, үл уйчлалаас үүсэх үзэн ядалт үүрсэн өмхий төмс шиг өөрийг нь насан туршид нь зовоож , өрөөлд үл ташаагдах учир шалтгаан болохыг ухаарч гэнэт гэгээрцгээсэн гэдэг. Уучлна гэдэг сул дорой байхын нэр биш. Харин өөрийн эс тэвчихийг ч тэвчин өөрийгөө хатамжлах сэтгэлтэй ухаалаг хүний үйлдэл гэж бодном. Заяа тавьлан хүнийг хааш нь ч залж болно. Маргааш юу болохыг бид өнөөдөр эсвэл өчигдөр урьдчилан мэддэггүй ч гэлээ. Маргаашдаа зовох ачаагүй амьдрахын төлөө чин сэтгэлээсээ бусдыг өрөвдөн уучилж, үзэн ядах, өвөр хоорондоо тэрслэн дайсагналцахыг умартан, улайран бухимдагч хэн нэгний өөдөөс “Таны зөв байсан ч уучлаарай миний буруу” гэж хэлж чадах сэтгэлийн тэнхээ, уужуу сэтгэлтэй байцгаая монголчуудаа. Ингээд эцэст нь Уучлана гэдэг том ухаан. Урвагчийг, ухаан муутыг, увайгүй амиа хичээгчийг ер нь бүгдийг уучлана  гэдэг “ухаан” гэдэг өгүүлбэрээр энэ сэдвээ өндөрлөе.  

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2014-4-8 -

Бичсэн: Зочин
Уучлаарай ...
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant