Аз жаргалын эрэлд...

. 2012-02-28 - Хавар иржээ

Хавар иржээ. Нам унтчихгүй шөнөжин элдвийг бодон, орондоо хэдэнтээ хөрвөөлөө. Бушуухан өглөө болоосой гэж чилсэн биеэ өрөвдөн, хэн нэгнийг бодох гэсэн ч залхуу хүрэн хэвтэх зуураа унтчихаж. Хачин юм шүү. Уул нь унтмааргүй байсан юм жаахан ядарч, ганцаараа орондоо өнгөрсөн одоо ирээдүйг тунгаан хэсэг хэвтэх гэсэн юм сан гачлантай юм. Гэтэл шөнөжин хөрвөөсөн гэлтгүй сэтгэл маань нэг л хөнгөн, яг л амраг хайртдаа шөнөжин эрхэлж хоносон энхрийхэн шиг цовоо, тэгээд бас гүн нойрны амтанд дурлангүй сэрэх юм. Бие нэг л сэмбэгэр хангал согоо ч болцон юм шиг. Бүр ээжийнхээ хэвлийгээс гарсан хүүхэд шиг бүх юм сонихон шинэхэн... Залхмаар урт уйтгартай, ганцаардсан шөнийн дараа яахаараа ийм сайхан өглөөтэй золгодог байнаа. Гайхмаар юм дотроосоо хариултыг нь хэсэг хайлаа олсонгүй ээ. Олох байсан ч зүүдний ертөнцөнд хаа нэг газарт дараа олж үзэхээр хав даран нуусан биз. Харин цонхны цаанаас улбар туяагаараа гайхуулан сунайх наран надад нэгийг шинэвлээ. “Хүүе намайг хараач хоёулаа адилхан байгаа биз дээ” гэх шиг. Гүн харанхуйн дараа нар нээрээ ямар үзэсгэлэнтэй манддаг юм бэ? Улбар алтан цацрагаа цацланхан сунайж уул хөндий тал цайдмийг халуун илчээрээ төөнөөд л... Түүний гайхамшигт халуун биенд хэн ч хүрч чадахгүй ч. Тэр бүх юмны эхлэл нь бас төгсгөл нь ч юм шиг. Нар чи ямар биширмээр юм бэ? Тийм халдашгүй, ийм ер бусын.... Залхмаар жихүүн шөнийн дараа мандсан энэ өглөөний нар. Гадаа цонхны минь давцан дээр хэзээнээс хунгарласан нь мэдэгдэхгүй салхи шороонд тарлантсан цасыг хайлуулж байх юм. Сонирхолтой. Энэ цас надад яагаад ч юм хэзээ ч хайлахгүй, хэзээд л энд хургарлаатай байсан шиг санагдана. Цаснаас дэгдэх сиймхий уур дээш савсах зуур би цонхоо нээлээ...Ямар яаруухан юм бэ? Тасхийсэн жавар үлээдэг байсан миний цонхоор нарны, цасны үнэр зэрэг ханхийж, зүүдний далд ертөнцөд нуусан мөнөөх гунигийг тэмтрэх шиг. Нүдээ анин нээлттэй цонхныхоо дэргэд хэсэг зогсоё доо. Нээрээ ямар ер бусын юм бэ? Энэ өглөөний нарыг угтах гэж хосоороо нисэлдэн ирсэн болжморын жиргээн зүрхэнд хүрч байна. Магадгүй өглөө болгон л ийм байдаг байх. Би л анзаардаггүй байж. Нар, цасны амьсгал, шувуудын жиргээ намайг манцуйтай хүүхэд шиг бүүвэйлнэм.Ямар яруу өглөө вэ? Энэ лав дэмийрэл байхаа, эсвэл диваажингийн үүд ч юмуу? үгүй ээ. Үгүй юм байна. Энэ бол өрөөл бүхнээс өөрийгөө хайх эрлийн маань эхлэл юм байна. Энэ бол хавар. Энэ бол миний хавар юм байна.

:: Найздаа илгээх ::

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 25 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн