Аз жаргалын эрэлд...

. 2012-04-18 - Шүлэг биш, бус биш


Тосгүй, чихэргүй нимгэн шар бэн шиг энэ сар

Тоостой мөстэй угаадастай гудмын үзүүрт амттайхан мэлтийнэ

Багадаа идэх дуртай байсан ганц хүнс шиг тэр сар

Гэртээ хурдан харихыг яаруулах шиг чанх өмнө дүнхийнэ

Модтой чихэр шиг, эсвэл давстай чипс шиг толбот энэ сар

Тэртээ он цагийн аглагт мартагдсан үлгэрийг чихэнд шивнэх шиг

Дуртай дуугаа амандаа хүлхэнгээ нуугадангүй унтдагсан энэ сарнаас

Гэтэл  дух гурав дахь мэлмийн тус газарт минь шургалчихсан

Тэнгэрт нар мандсан хойно тархинд зүүдээ үлдээчихсэн байдагсан

Дув дугариг гамбир шиг энэ сар

Дуугай л бай бүх юм өмнө чинь байна алхаад байл гэх шиг



***

Уйлах шалтаг нэг олдоотхоосой

Уруулаа цорвойлгоод, хөлөө тийчлэн аавдаа эрхэлдэг байсан шигээ дураараа уйлах юмсан

 Цээжин цаана оволзож, зүрхрүү хатгах гайтай шаналалыг зад татан

Элэг дэвтэн, энгэрээс сүү ханхийтэл, бүүр  цурхиртал уйлах юмсан

Яг л   аадрын өмнөх тэнгэр сүртэйгээр бараантан нам гүмхэн болдог шиг

Хамаг сайхнаа эхэмсэгээр хурааж байгаад

 Аянга гялсхийн цахиж, тэнгэр хага яран  дуурсах шиг

 Ааль аяг, маяг, гоо бүхнээ нэг дор мартаж

 Нэргэсэн тэнгэр шиг улангасан шууран, шаагин байж уйлахсаан

Яг тэнгэр шиг, бүр тэнгэр хүртэл атаархтал уйлахсан шуурахсан.

Ээждээ эрхлэн ихэр татан уйлагнаж үзээгүйгээрээ  

Ээнэгшиж  сэтгэл тайвширтал хэдэн өдрөөр гүйгүүлхэн зүсрэхсэн

Яг тэнгэр шиг, бүр тэнгэр атаархтал асгарахсан, шуурахсан, зүсрэхсэн...

***


Хоёр зүү сольбиж нэхнэ, сульдаж нэхнэ

Сонихон хорвоогийн өнгийг хольж нэхнэ, хутгаж нэхнэ

Хөвөрдөж нэхсэн сүлжээ бүхэнд нэхэгч нь сүнсээ, үсээ, зүсээ шингээж нэхнэ

Хоёр зүү сольбиж нэхнэ, сульдаж нэхнэ

Хорвоогийн үйлийг урлаж нэхнэ, учирлаж нэхнэ

Нэхээс бүхэнд нь үнэн гогцоорч, худал ончролдоно

Хоёрхон зүүний мөрөөр хорвоо оёгдоно

Хос сүлжээнд хоосон ахуй томогдоно

Нүд алдам, шүүрс алдам нэхээсийг эргэн тойрныхон гайхан бишрэв

Эзэн нь харин нэхмэлээ эс ойлгоно үл тооно

Эрмэг юуг нь нүгэл буянаар хөвөөлөн эмжиж

Эзнэн нь нэхээснийхээ эцсийн учгийг нь хатгахыг хүсэв

Гэтэл хүссэн хүсээгүй хос зүүний эр нь мохож

Хөвж гүйдэг утас нь дуусав

Жаргалаар цэцэг багцлан баруун талыг нь гоёхоор төлөвлөсөн, дутав

Зовлонгоор гогцоо ороож тэрүүхэнд нь торгоох байсан, илүүдэв

Юу ч нэхснээ ойлгоогүй нэхмэлчин

Юу бүтээсэн түүнээ дэлгээд

Аянчдын ширээг бүтээж үлдээгээд

Алс холыг зорин одов..

***


Нэг тийм ногоон өнгөөр

Нүдний цөцгийгөө будчуул

Нэлэнхүйд нь энэ хорвоог нэг тиймээр харах байхдаа

Нэг тийм ногоон тэнгэр дээрээс нэвсийж

Нүүгэлтсэн их далай,тэнгис дээрээс гөлрөх байхдаа

Тэндээс нь загас жараахай хавч хясаанаас эхлэн бороо шиг тог тог дуслаж

Тэгснээ тун удалгүй  халим далайн гахайгаар нүд нүүргүй шуурах байх

 Тэнгэр болсон лус догширч хад хясаа халим эд баялгаа юутай ийтэйгээ нулимж хаячихаад

Түр амсхийн цэлмэх зуурт нь  лусын охид сахиусан тэнгэр аятай  нисэлдэх байх

Хурмастын хааны булай өнгөнд уусч нэг тийм болсон лус 

Нэг их  удахгүй дахиад л догширч үгээгүй болсон хаант улсаасаа хатан, охидоо хөөх байх

Нэг тийм ногоон өнгөөр нүдний цөцгийгөө будчуул нэг тийм...



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2012-04-19 -

Бичсэн: Юмдүнчин
Сэтгэл гэж сайхан эрхтэн шүү манайхаан, сэтгэлээ чагнацгаая
. Шууд холбоос

. 2012-04-18 -

Бичсэн: Бондгор нь =) (зочин)
Сайхан шүлгүүд... /гүнээ шүүрс алдав/
. Шууд холбоос

. 2012-04-18 -

Бичсэн: ulaankaa
Гоё... зүгээр л гоё шүлгүүд...маш гоё. үнэхээр их таалагдлаа
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 17 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax