Аз жаргалын эрэлд...

. 2012-02-07 - Дундад гүрний өвөрлөгчөөр аялахуйд

 Бээжингийн дүнсгэр тэнгэр биднийг явахын өмнөх өдөр яав гэмээр хөх өнгөтэй болж, үүлээ хөөсөн. Нөгөө бөглөрч сааралтаад байсан их манан тоос нь ор мөргүй замхарч, бүхэл өдрийн турш бээжингийнх гэж хэлэхээргүй мэлтийссэн нь  3 хонохдоо ганц ч цэлмэг тэнгэр хараагүй надад эвэртэй туулай үзсэн шиг л содон байлаа. Задгай агсам салхи өдөржин  исгэрч, шороо тавьсан нь харин бээжинд намар ирсний дохио байсныг гудмаар нь нил хөглөрөх шарласан навчнаас сая анзаарсан юм.  Нэмэх 20 хэмтэй нов ногоон угтаж байсан их хотын гудмаж ийнхүү шарласан навчсаар өнгөө сольсон нь Их хотын хэмнэл үнэхээр хурдтай, хувьсдгийг мэдрүүлж байлаа. Ердөө л 3хан өдрийн дотор шүү дээ. Голцуу л зөөлөн дулаан чийглэг уур амьсгалтай байдаг болохоор. Ийм үед хятадууд их зутардаг юм билээ. Гудамж талбайнхаа хог шороог тусгай машинаар тогтмол цэвэрлэж, угааж арчилдаг учраас шороо, шуурга тавьсны дараа гудамны цэвэрлэч үйлчлэгчдийн ажил л ёстой дийлдэхээ больдог бололтой байсан.  Зуны бээжинд буусан бид намрын бээжингээр үдүүлж элэг нэгтнүүдийнхээ нутагруу яаруухан хөлгийн жолоо залсан юм. Үүрийн гэгээтэй уралдан ӨМӨЗО-ны Хөх хотруу зүглэсэн бид бараг өдрийн тал давхиж байж зорьсон газартаа ирсэн. Бээжингээс Хөх хотруу ойртох тусам хээр хуар давамгайлсан чимэглэлтэй байшин сав олширч, замын тэмдэглэгээ, үйлдвэр үйлчилгээний газрын нэр хаяг нь ч уйгаржин монголоор бичиж, хятад ханзаар тайлбарласан байгаа нь нүднээ тод тусаж явлаа. “ар монголын хувьд өвөр монгол”, “дотор иргэдийн дунд гадаад монгол” болж яваа энэ ард түмэн үнэхээр л монголоороо байх гэж хичээж, бэтгэрч явдгийн байна даа гэсэн бодол замд жирэлзэн өнгөрөх дээрх бүхнээс анзаарч явснаа нуух юун. Элэг нэгтнүүдийн маань нийслэл “Хөх” хот шинэ тутам хөгжиж байгаа хотуудын нэг. Захын дүүргүүдрүүгээ томоохон үйлдвэрлэлээ чиглүүлж, төв хэсэгтээ их хотын өнгө төрхийг бүрдүүлэхээр багагүй зүйл хийж байгаа нь барьж байгуулж байгаа өндөр сүрлэг байшин барилгаас нь анзаарагдсан. Ингэхдээ, өнөө л хээ хуар, үндэсний хэлбэр агуулгыг шингээсэн дүр төрхийг мартаагүй хослуулсан байгааг хараагүй юм шиг өнгөрч боломгүй байлаа. Гэхдээ энэ бүхэнд нь Дундад гүрний донж маяг, хийц нэвт шингэсэн байгаа нь  “хэт монголчлох” үзэлтэй зарим хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх хандлагатай байсаан. Хичнээн хичээгээд ч үхэр монгол шиг байж чадахгүй тэднийг гадаад хэлбэр төрхөөрөө ч гэсэн монгол байх гэж эрмэлзсэн тэдний сэтгэлийг буруутгах аргагүй л санагдсан. Үнэндээ өвөрмонголчууд чинь “сэтгэлгүй хүндээ богтлуулсан баян айлын бэр” шиг л хувь заяатай улс  шүү дээ. Бэлтэй айлын хатавч бараадсан борчууд шиг, элэг нэгтнүүд маань их гүрний хаялагаар ямар ч байсан урьд урьдынхаасаа илүү хөгжиж байгаа нь аялалын явцад бэлхнээ анзаарагдсан. 25 сая хүн амтай ӨМӨЗО-нд дандаа  өвөрмонголчууд амьдардаг гэж бодсон миний ойлголт буруу байсан юм билээ. Монгол хятад, дагуур, эвээнк, орчоон, хотон, манж солонгос зэрэг 10 орчим үндэстэнтэй. Үүний дөнгөж 16 хувь нь л монгол үндэстэн гэсэн сонирхолтой тоо байдаг юм билээ. Энэ хэдхэн монголчуудаас  хөх хотод амьдардаг нь тун цөөнхөн.  Үүнийг бид тэнд байрласан 3 хоногийн хугацаанд л илүү мэдэрсэн. Уул нь элэг нэгтнүүдийнхээ өлгий нутаг. Их нийслэлд нь ирлээ гэж бодсон боловч бидэнтэй монголоор ярилцаж, хэл амаа ололцох хүн бараг таараагүй гэхэд болно. Бүгд хятадараар шулганаж, монголоор юм асуувал мөрөө хавчин нүдээ эргэлдүүлэх нь даанч харамсалтай. Ёстой л өнөө их санасан газар 9 хоног хоосон гэгчээр бээжинд барьц алдаагүйгээ “хөх хотод” сандарч хэл амаа авалцах гэж дохио зангаа болох шахсан. Хэл соёлоо хамгаалах, эх хэлээрээ сурч судлах боломжийг их гүрэн албан ёсоор хуульчлаад өгчихсөн ч багаасаа монгол хэл, уйгаржин үсгээрээ дагнасан хүүхдүүд ажил амьдрал дээр гарахаар хятад хэлээр занималдаж, их гүрний соёлоор хүмүүжсэн хүүхдүүдээсээ яаж ийгээд л доогуур сонголт хийхэд хүрдэг гэнэ. Амьдралын бодит байдал ийм байхад өвөрмонголчууд хүүхдээ уйгаржин бичгийн “ацаг шүд” цээжлүүлэхийн оронд ханз бичлэг нүдлүүлж,  дуудлага аялагыг нь зүгшрүүлэхийг илүүд үзэх болжээ. Гэхдээ мэдээж бүх өвөрмонголчууд ийм биш л дээ. Үнэхээр үндэсний өв уламжлалаа хадгалъя, хамгаалъя, үр хойчдоо зааж сургая гэсэн үндэсэрхэг  үзэлтэй өвөрмонгол хүмүүс ч их байгаа. Энэ үгээрээ тэднийг үгүйсгэвэл утгагүй зүйл болно. Морин хуур чуулгын хөх хотод тоглосон 2 өдрийн тоглолт ч үнэхээр монголоо гэсэн сэтгэлтэй тийм хүмүүсээр дүүрэн байсан юм. Үндэсэрхэг үзэлтэй түүх соёлоо дахин дээдэлдэг өвөрмонголчуудын хувьд энэ тоглолт юу юунаас илүү сайхан үйл явдал болсон юм. Олон жилээр орхиод явсан ээж аав нь иргээд ирсэн юм шигээр өвөрлөгчид маань морин хуурын аялгууг шимтэн сонсч, зарим нэг нь нүдэндээ нулимастай, цээжиндээ баяр талархлын мэгшилтэй хүлээж авсан юм.

     Хөх хотын улаан театрыг 2 өдөр эзэмдсэн морин хуурын чуулгынхан маань эндээсээ ӨМӨЗО-ны Ордос хошууг зорьсон юм. Хөх хотоос 500 гаруй километрийн зайд байрлах энэ хошуу яагаад ч юм хөх хотоос илүү нээлттэй. Хөгжилийн хувьд ч арай дөнгүүр байгаа юм шиг санагдсан. Ордос хошуу байгалийн баялагаараа төдийгүй түүх соёлын дурсгалаараа бусад аймгаасаа толгой цохидог. Дуу хуурын өлгий дундговь гэдэг шиг ордосчууд найрч дууч гэдгээрээ Өвөр монголдоо алдартай.

Гэхдээ энэ бүхнээс илүү аялагч жуулчдын анхаарлыг татдаг гол зүйл бол “Чингисийн онгон” гэх энэ том цогцолбор. Дэлхийн дайдыг нумлан хэмжиж, намхан чийрэг морьдынхоо хур дэлэн дээр асаж явсан монгол дайчдын сүр хүч, тэртээ 13 зууны эзэнт гүрний амьдрал ахуй, үүх түүх, шашин шүтлэгийн талаар мэдээлэл өгөхөд чиглэсэн энэ цогцолбор анх БНХАУ-ын соёлын яамны санаачлагаар 1958 онд 3 өргөө ордонтойгоо байгуулагдаж байсан гэсэн. З цагаан ордоны доторх нууц ордонд эзэн Чингисийн сүүлчийн амьсгалыг хураасан цагаан тэмээний ноос буюу “онгон” г хадгалж байдаг гэх юм билээ. Чингис хаан 1227 онд Тангудыг дайлаар мордон буцах замдаа тэнгэрт хальж, алтан шарлыг нь ачиж явсан тэрэг замдаа шаварт суун, чингис хааны оймс тэргүүнтэн Ордосын энэ тал нутагт гээдсэн учир. Их эзэний онгод сүлд энд шингэсэн гэж үзэж “Чингисийн онгон” гэх энэ цогцолборыг байгуулсан гэж нутгийн зон олон МНТ, алтан эрхи зэрэг түүх соёлын сурвалжуудаас иш татан ярцгааж байсан.
  “Чингисийн онгон” нь өвөрмонголчуудын хувьд тахил шүтээний цогцолбор, мөргөл залбирал үйлддэг шашны зан үйлийн том төв болдог бол гадаадын аялагч жуулчдын хувьд нэгэн цагийг захирч явсан Их эзэн чингисийн талаар бүхий л мэдээллийг аваад гарах боломжтой  түүх дурсгалын газар гэж тооцогддог юм билээ. Чингисийн онгонг сахин хамгаалдаг дархадууд тайл тахилгын зан үйлийг орж ирсэн бүхэнд ном ёсоор нь гүйцэтгүүлэхээс гадна аялал жуучлалын газрынхаа үйл ажиллагааг давхар хянан явуулдаг. Дархадууд бол Чингис хааны харах нүд, цавчилдах гар болж явсан үнэнч сайн хөлөг баатар, итгэлт туслахуудынх нь үе залгамжилсан хүмүүс. Одоо энд Тулуй үжиний дархад, Боорчийн дархад, Чингисийн онгоны сахин хамгаалдаг шар дархад гээд тайлга тахилгын чиглэлээсээ хамаарсан олон овогийн дархадууд зан үйлээ үйлддэг юм билээ.  Тэнгэр шүтлэг, ”Чингис хааны”  талаар ярих хэрнээ шарын шашны арц утлага, зул хүж хэрэглэж, илт дундад гүрний хэв шинжийг илтгэсэн луун хээтэй өргөө танхимаар дагуулан явах хэрнээ “Энэ бол чингисийн онгон” мөн гэж тайлбарлаж явах хазгай хэлтэй тайлбарлагчаас манайхан нэг л жийрхэнгүй байснаа нуух юун. Гэхдээ л жийрхлээ, жихүүцлээ гээд өвөрлөгчид эх түүхээ хамгаалах, хадгалах, бас суртачилан таниулах тал дээр үнэхээр армонголчууд биднээс хувь илүү ажиллаж, түүнийхээ үр шимийг ч бэлхнээ хүртэж байгаа нь нүдэнд ил байсан.  

               Нөгөө сайн хүний нэрийг 3 худалдаж иддэг гэдэг шиг . Чингисийн онгон цогцолборыг үзэхээр жилд Ордос хошуунд 50 сая гадаад дотоодын жуулчин ирдэг гэсэн тооцоо байгаа юм. Наашаа зорих жуулчдын тоо цаашид ч улам өсөх нь тодорхой ядаж л манай улсад эзэн Чингистэй холбоотой аялал жуулчлалын ийм цогцолбор байтугай аятайхан барьсан хөшөө дурсгал байдаг билүү? Хамгийн сүүлд баригдсан цонжин болдгийн  морьт хөшөөнөөс өөр үзээд өгте юу ч үгүй сууж байгаа л үнэн. Харин БНХАУ-ын соёлын газраас үндэсний цөөнхийнхөө соёл урлагийг дэмжих  зорилгоор олон ажил төлөвлөж байгаагийн эхний хэдэд Ордос хошуу Чингисийн онгон” дагасан шашин шүтлэгийн зан үйл, ордосчуудын дуу бүжиг гээд соёл урлагийн өвөрмөц хэлбэрт нь түшиглэж аялал жуулчлалыг татахаар ажиллаж байгаа нь илт байсан.  Их гүрний гүнээс өвөрлөгчдийнхөө нутагруу наашлах тусам сэтгэл хөдөлгөсөн гэхээсээ “хөндүүр”, нэг тийм гэгэлгэн мэдрэмж л их төрж явлаа. Ордосчууд хөх хотынхныг бодвол монголоороо хамаагүй сайн ярьдаг, найр наадамсаг, зочломтгой гэдэг яриа хөөрөө өрнүүлсэн хүмүүсээс анзаарагдсан. Ширээ дүүрэн дэлгэх хоол унд нь хүртэл жимс, ногоогоор хачралахаасаа илүү тараг, аарц, зөөхий, ааруул дагалдуулана. Инээж хөхөрч, дуулж хуурдах хэрнээ цаанаа л нэг гунигтай санаа алдаж ирээд л ар халхын тухай, асуух дотносох юм билээ. Хөх хотоос, Ордос, Шилийн хот гээд наашлах тусам агаар нь тунгалагшиж, нүдэнд өртөх сүрлэг байшин барилга гэх зүйл багассаар байгаа нь илүү монголжуу санагдаж байлаа. Яг л монголынхоо хөдөө талаар хөндлөн гулд давхиж байгаа юм шиг сэтгэгдэл төрмөөр. Эх нутгаас минь ялгарах нэг онцлог нь ямар ч донсолгоо нугачаагүй, хурдны замаар л бартаа саадгүй жирийлгээд байх нь тэр. Хөдөө тал хэрнээ багшрах мал  сүрэг бараг харагдахгүй. Нүдэнд  дасал болтол таарах зүйлс нь тариачны шавар амбаар дагзнууд хэдэн мянган километрээр үргэлжлэх тариалангийн талбай.

        Өвөрмонголчууд нэг үзүүлэлтээрээ манайтай тэнцүү тэр нь малын тоо. 44 сая малаа малчид газар тариалантайгаа хослуулан эрхэлдэг. Нэг  ёсондоо отор нүүдэл хийж нутаг сэлгэдэггүй. Фермерийн аж ахуй хэлбэрээр малладаг гэсэн үг л дээ.  Мал аж ахуй эрхлэгчид ихтэй учраас  Шилийн гол аймагруу ойртох тусам тарган хонины мах таваглаж, гурил хаясан элдэв холцьгүй монголжуу шөлөөр биднийг дайлах боллоо. Бээжингээс хөх хот хүртлээ байдаг бүхнээр нь дайлуулж, хүндлүүлээд байгаа хэрнээ л гурилтай шөл, банштай цайгаа санаж хоолшиж өгөхгүй байсан бид. Харин шилийн голын хөвөөт шар хошуунд дайлуулсан бөхөл мах голцуу элдэв хачир чимэггүй хоолонд ёстой л махсаа гарч сэтгэл цадсан гэхэд болно. Ганц хоол унд ч гэлтгүй,  адууч, малчаараа өвөрмонголдоо алдартай “хөвөөт шар” хошуунынхнаас Хөх хот, ордосынхноос анзаарагдаагүй монголжуу ахуй, монгол хүний итгэмтгий нөхөрсөг зан чанар нөөлгөөрөө  мэдрэгдэж байсан юм.

 “ар монголын хувьд өвөр монгол”, “дотор иргэдийн дунд гадаад монгол” болж яваа энэ ард түмэн үнэхээр л монголоороо байх гэж хичээж, бэтгэрч явдгийн байна даа гэсэн бодол элэг нэгтнүүдийнхээ нутгаар аялах хугацаанд анзаарч явснаа нуух юун. Бэлтэй айлын хатавч бараадсан борчууд шиг, элэг нэгтнүүд маань их гүрний хаялагаар ямар ч байсан хөгжил дэвшлээрээ урагшилсаар, хөгжсөөр байна. Бидэнд байгаа бүхэн тэдэн байхгүй ч харин тэдэнд байгаа юм бидэнд байхгүй байгааг сэтгүүлч би мэдрэгдсэн. Энэ бол монголоо гэсэн чин сэтгэл, эх түүхээ хадгалан үлдсэн гайхамшигт уламжлал байлаа. “Халх монголын хувьд өвөр монгол”, “дотор иргэдийн дотор гадаад монгол” гэгддэг угсаа нэгтнүүд маань хөгжсөөр байна.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2012-03-29 - minii nz hezee aylaa we.

Бичсэн: sainaa (зочин)
bi uwur mongolchuudiig sain mednee tiim mongoloo gsn setgel bhgui bas nei menggu buyu manai dotood mongol gj hyataduud yaridag yum. harin bidniig bol wai menggu buyu gadaad mongol gedeg yum undsendee sanaa ni dotood bolgoh bodol bgaa ni tsuhalzaj bgaa yum.ted bol uur utgaar bid mongol gj yaridag. harin bid jinhene mongol baij mongoloo gesen yamarch setgelgui bgaad bgaa ni uneheer unen shuu. saihan sanaa bna.
алга ташилт
. Шууд холбоос

. 2012-02-17 - АМАНДА

Бичсэн: Зочин
ҮНЭХЭЭР ЭНЭ БОЛ БИДНИЙ ЯРИХ ХЭЛЭХ БОДОХ ЁСТОЙ СЭДЭВ БИ БАС ЭНЭ ТАЛ ДЭЭР ЯАГ Л ИЙМ БОДОЛТОЙ ЯВДАГ ХӨӨРХИЙ ТЭД ХҮНИЙ НУТАГТ МОНГОЛООРОО ҮЛДЭХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙХАД БИД МОНГОЛДОО БАЙЖ МОНГОЛ ГЭДГЭЭСЭЭ ИЧИЖ МОНГОЛД АМЬДРАХААСАА ХҮРТЭЛ ЗАЛХАЖ ЭХ ОРНООСОО ЭХ ТҮҮХЭЭСЭЭ ЭХ СОЁЛООСОО ЭХ ХЭЛ БИЧГЭЭСЭЭ ХОЛДООД ХОЛДООД Л БАЙХ ШИГ САНАГДАХ ЮМ БИД ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ ШҮҮ МИНИЙ МОНГОЛЧУУД ТЭНГЭР ШИГ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ СЭРЦГЭЭЕ ЭХ ОРНОО МОНГОЛОО ӨВ УЛАМЖЛАЛ УДАМ УГСАА ЭХ ТҮҮХ ЭХ НУТГАА ХҮНИЙ ДАЙТАЙ ХАДГАЛАН ХАМГААЛЦГААЯ
. Шууд холбоос

Миний тухай

Яг лянхуа шиг урганам... амьдарнам...

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 29 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax